Аз жаргалтай хосуудын мөрдөх 9 дүрэм

Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд 20 алхам байна гээд бод. Чи өмнөөс нь 10 алх. Нөгөө хүн чинь чиний өөдөөс 10 алхаагүй бол чи илүү алхах хэрэггүй. Хоёулаа өөрсдийн 10 алхмаа хийж байж уулзах ёстой.

Дүрэм №1. Бид өөртэйгөө адилхан хүнийг л өөртөө татдаг.

Хэрвээ таныг тойрон хүрээлж буй хүмүүс чинь танд таалагдахгүй бол та өөрийгөө нэг хараад үзээрэй. Хэрэв тантай үргэлж сайн хүмүүс тааралддаг гэж бодож байвал та өөрөө тийм хүн гэсэн үг. Сайн хүнтэй уулзахын тулд өөрөө эхлээд тийм болох хэрэгтэй.

Дүрэм №2. Юу өгнө түүнийгээ л авдаг.

Та дотнын хүнтэйгээ хэрхэн харьцдаг вэ? Дотнын хүн чинь тантай мөн тэгж л харьцана.

Дүрэм №3. Хүн бүр хайр, халамжийг хүсдэг.

Хайр гэдэг бол байгаагаар нь хүлээн авах сэтгэл, чин сэтгэл, анхаарал халамж, хариуцлага, итгэл найдвар, хариу нэхээгүй тусламж, өгөөмөр занг хэлнэ. Бид хэдийчинээ хайр, халамжаар дотнын хүнээ хүрээлж чадна тэр хэмжээгээр өөрөө ч бас хүлээж авдаг. Харин айдас, хардалт, гомдол, өмчлөх сэтгэл, өөрийн хүслээр байлгах гэсэн атгаг сэтгэл хайр, халамжтай огт хамаагүй зүйл билээ.

Дүрэм №4. Үг хүчтэй.

Үгэнд аврах, алах хүч аль аль нь оршиж байдаг. Ярьж байгаа зүйлдээ болгоомжтой хандаж байгаарай. Хүн бүрийн дотор хүүхдийн эмзэг сэтгэл нь оршсоор байдаг тул муу үгээр хэлэх, хэл амаар доромжлох нь сэтгэлд эдгэшгүй шарх үлдээдэг. Үгийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй.

Дүрэм №5. Итгэл бол сайхан харилцааны суурь нөхцөл

Итгэлгүй хүн хардах сэрдэх зантай, сэтгэл нь түгшүүртэй болдог. Харин нөгөөх нь хүний эрхэнд орж, эрх чөлөөгөө боолгож буй мэт мэдрэмж дунд амьдардаг. Хардалт ганцаардлаас айх айдас, өөрийгөө үнэлдэггүй, өөртөө дургүй байх зангаас үүддэг. Харин итгэл бол хайр сэтгэлийн салшгүй хэсэг билээ.

Дүрэм №6. Чин сэтгэлээсээ ханд.

Хайр сэтгэл яг л амьд цэцэг шиг зүйл. Эсвэл ургаж цэцэглэнэ, эсвэл үхэж, хагдарна. Энэ нь бидний юу хийхээс л хамаарна. Хайртай хүндээ чин сэтгэлээсээ хандах нь цэцгийг услахтай адил. Түүндээ хайртай гэж хэлэхдээ хэзээ ч битгий айгаарай. Чин сэтгэлээсээ магт. Чин сэтгэлийн магтаал нь цэцгэн дээр тусах нарны гэрэл юм.

Дүрэм №7. Хайрлах гэдэг нь хариу нэхэлгүйгээр өөрийнхөө нэг хэсгийг нөгөө хүндээ бэлэглэхийг хэлдэг.

Хайр хүлээж авахын тулд эхлээд өөрөө бэлэглэх хэрэгтэй. Хэр ихийг бэлэглэнэ төдий хэмжээгээр хүлээж авна шүү дээ. Хайр сэтгэл яг л бумеранг шиг зүйл. Хэзээд эргэж ирдэг. Магадгүй заавал нэг хүнээс буцаж ирэхгүй байж болно. Гэхдээ л тойруу замаар ч болтугай хэд дахин үржиж ирдэг. Хамгийн гайхалтай нь хүний хайр сэтгэлд хязгаар гэж үгүй. Бусдад хайр сэтгэл түгээснээр дундарна гэж үгүй. Магадгүй хайр сэтгэлээр дутагддаг хүмүүс хэн нэгэн тэднийг эхэлж хайрлахыг хүлээснээрээ алдаа гаргадаг байх. Энэ нь яг л “Хүмүүс бүжиглэж эхэлбэл хөгжмөө дарна” гэж хэлэх хөгжимчинтэй адилхан зүйл. Эсвэл түлээ өрдөөгүй байж түүдэг галын илч дулааныг хүлээх нэгэнтэй адил юм. Жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй. Урт удаан, аз жаргалтай гэр бүлийн амьдралын нэг чухал нууц бол юу авч болох вэ гэдэгтээ биш юу өгч чадах вэ гэдгээ боддог болох юм.

Дүрэм №8. Хайртай хүнийхээ биед хүрэх нь бат бөх харилцааны чухал суурь.

Хүний биед хүрэх нь хүний сэтгэлд хүрэхтэй адил. Тийм ч учраас бид гомдсон үедээ “Надад битгий хүр!” гэж уурладаг байх. Хайртай хүнээ тэвэр. Гараас нь барь. Лондон хотын нэгэн поликлиникт туршилт явуулжээ. Мэс заслын ерөнхий эмч мэс заслын өмнөх өдөр өвчтөн бүртэй уулздаг уламжлалтай байж. Ингэхдээ өвчтөнийхөө биеийн байдлын талаар асууж, мэс засал хэрхэн явагдах талаар ярьж өгнө. Эмч ярьж байх үедээ өвчтөнийхөө гарын хэдэн минут барьж суудаг аж. Харин энэ өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа нь бусдаас 3 дахин хурдан байжээ. Бид хэн нэгний биед халамжтайгаар хүрэхэд нөгөө хүмүүс гэлтгүй бидний ч бие организм тайвширч, стрессын даавар буурдаг байна.

Дүрэм №9. Хайртай хүндээ эрх чөлөө олго.

Бидний хүссэнээр биш харин өөрийнх нь хүсэж буй шийдвэр гаргахыг нь, мөн амьдрахыг нь зөвшөөр. Харилцаанд эрх чөлөө хэрэгтэй. Тэгэхгүй бол хайртай хүмүүс маань занганд орсон мэт өөрсдийгөө мэдэрдэг. Дотнын хүндээ эрч чөлөө өгөх нь хэцүү. Гэхдээ өөр сонголт байхгүй.

Show More

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Close