Ярилцлага

Э.Дөлгөөн: Шведэд ирээд маш олон төрлийн соёлын шоктой тулгарч байсны нэг нь хогтой холбоотой шокууд

Humans of the Earth-ийн хамгийн анхны зочноор “Positive Mongolians” төслийн санаачлагч Э.Дөлгөөнийг урьж оролцууллаа. Өдгөө Швед улсад ажиллаж, амьдарч буй түүний үзэл бодол, эх орондоо бий болгохыг хүсч буй хөгжингүй орны соёл зэргээс бүрдсэн дурсамж яриаг хүлээн авна уу! Танд нэгийг бодогдуулах нь лавтай…

“Эгч маань Шведэд арван хэдэн жил амьдарч байгаа юм. Саяхан Монгол явж ирэхдээ орцноосоо гараа л цухуйлгаж хогоо тавичихаад хаалгаа буцаагаад хааж байгаа хүнтэй таарсан гэсэн. Холгүйхэн байрлах хогийн пункер лүү очихоос залхуурсан хэрэг л дээ. Тэрүүгээр хүн нохой шувуу зөндөө явж байгаа. Хогнууд нь асгарч, гоожно. Гэтэл тэр хүн энэ орцонд би амьдарч байгаа шүү дээ. Ил хаясан хог миний амьдарч буй орчныг бохирдуулна, цаашилбал байгаль дэлхийг хордуулна гэж огт бодолгүйгээр хүн харж байхад л хаяад орчихож байна гэнэ. Одоогоос 4 жилийн өмнө би өөрөө ч бараг тийм л байсан биз. Шведэд ирээд маш олон төрлийн соёлын шоктой тулгарч байсны нэг нь энэ хогтой холбоотой шокууд…

Энд хогоо ил хаях нь битгий хэл бүгдийг нь ялгаж, гэрээс нь зайтай байсан ч заавал нийтийн хог хаях цэг дээр очиж хуванцрыг хуванцар хаях ёстой газар луу нь, батарейг батарей хийх ёстой хэсэгт нь гэх мэтээр ангилж хаядаг. Анх бүгдийг нь холиод гаргаж хаяхаар явж байтал хүмүүс над руу сонин сонин хараад л, би өөрөө бараг юу хийчихвээ гэж бодоод л… Тийм байдалд орсон хүн чинь дараагийн удаа ёсоор хийж байгаа юм даа.

Дэлгүүрт гялгар уут их үнэтэй. Монгол мөнгөөр бол 500 орчим төгрөг болно. Худалдан авалт хийх бүрдээ тор худалдаж авах хайран санагддаг болохоор цүнхэндээ байнга даавуун тор хийж явдаг болсон. Бас хөгжилтэй ч гэмээр нэг зүйл нь ундаа авахдаа үндсэн үнэ 1000 төгрөг төллөө гэж бодоход ундааны савны үнэ гэж 250 орчим төгрөг нэмж төлдөг. Ундаагаа ууж дууслаа, нөгөө 250 төгрөгөөр авсан саваа хаялаа юу… Хадгалж байгаад шил, хуванцар авах зориулалтын төхөөрөмж рүү хийж мөнгө болгон буцааж авна шүү дээ. Энд ийм төхөөрөмж хаа сайгүй байдаг. Хаа нэг гудманд хуванцар сав хэвтэж байх юм бол хүмүүс тэрийг нь яагаад мөнгөө хаячихсан юм бол гээд аваад л төхөөрөмж рүү хийчихдэг.

Хүүхдүүдэд бүр багаас нь яагаад хог хаяж болохгүй, гялгар уут, хуванцар ямар хор уршигтай вэ зэргийг бүгдийг нь маш сайн ойлгуулдаг юм байна лээ. Ээж аав нь ч тэр, сургууль цэцэрлэг нь ч тэр..

Монголд байхдаа би хуванцар хөрсөнд шингэхгүй хэчнээн уддагийг мэдэхгүй, сонирхдог ч үгүй байсан. Гэтэл энд ирэхэд зурагт, сонин сэтгүүл гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь тэнэг хүн ч ойлгохоор маш сайн тайлбарлаж өгдөг. Монголд ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга гялгар уут, хуванцар яагаад байгальд муу юм бэ гэдгийг маш хөнгөнөөр олон нийтэд ойлгуулж байх ёстой юм шиг санагдсан. Тамхины иш л гэхэд 2 жил болж байж хөрсөнд уусаж алга болдог. Миний татсан тамхины иш энэ хавийг хоёр жил бохирдуулна даа гэж тамхи татдаг хүмүүс өөрсдөө ч мэдэхгүй яваа байх. Тийм учраас бид юун түрүүнд энэ бүхнийг маш сайн ойлгож, ухамсарлах ёстой болов уу.

Эх сурвалж: medium.com

Show More

1 thought on “Э.Дөлгөөн: Шведэд ирээд маш олон төрлийн соёлын шоктой тулгарч байсны нэг нь хогтой холбоотой шокууд”

Leave a Reply

Your email address will not be published.

Close