Эрүүл мэнд

Хүнд 500 гаруй шимэгч байдаг нь судалгаагаар нотлогдсон

Шимэгч амьтдыг дотор нь хүн, амьтан, ургамлын гэж ангилдаг бөгөөд хүнд 500 гаруй шимэгч байдаг нь судалгаагаар нотлогдсон. Энэхүү булангаа хамгийн өргөн тархсан хүүхдийн хялгасан хорхойн талаарх мэдээллээр эхлүүлж байна. Дэлхийн хэмжээнд энэ хорхойгоор 400 сая хүн халдварласны 30-90% нь 5-12 насны хүүхэд, тиймээс хүүхдийн хялгасан хорхой гэх болжээ. Хүүхдийн хялгасан хорхой (Enterobius үermicularis) нь зөвхөн хүнд шимэгчлэн амьдардаг бөгөөд энэхүү хорхойн өндгөөр халдварласан хүн энтеробиоз өвчин тусдаг.

Энэхүү хорхой зөвхөн хүнээс хүнд жилийн аль ч улиралд халдварладаг,  уг хорхойнд тохиромжгүй орчин, цаг хугацаа гэж байдаггүй. Бие нь утаслаг, ээрүүлэн хэлбэртэй, цагаан өнгөтэй, эрэгчин хорхой 2-5 мм, эмэгчин 9-12 мм урт,  гулсамхай хөдөлгөөнтэй. Хялгасан хорхойн өндгөөр хүн халдварласан тохиолдолд өндөг хоол боловсруулах эрхтний системийг дамжиж, нарийн гэдсэнд очиж авгалдай болно.

Авгалдай гэдэсний ханыг идэвхтэйгээр нэвтлэн цусны судсанд очиж цусны урсгалаар элэгний хураагуур судсаар дамжин элгэнд хүрч улмаар зүрхний баруун тосгуур, ховдолд орж тэндээс цусны бага эргэлтээр уушгинд очоод, мөгөөрсөн хоолойгоор дамжин хамрын болон амны хөндийд эргэж ирнэ.

Амны хөндийгөөс хоёр дахь удаа залгигдсан авгалдай улаан хоолой, ходоодоор дамжин нарийн гэдэсний доод хэсэг, мухар болон бүдүүн гэдэсний эхний хэсэгт ирж гэдсэнд агуулагдах хоол тэжээлийн зүйлээр хооллон 12-14 өдрийн дараа бие гүйцэж боловсорно.

Хүний нарийн гэдсэнд үр тогтолт явагдсаны дараа эрэгчин хорхой үхдэг. Харин эм хорхой хүний бүдүүн гэдсэнд шимэгчлэн амьдарч, шөнө хүн унтахаар хэвтэж эд эрхтний хөдөлгөөн тайвширсан байхад хошногоны сүвээр гарч, тусгай шингэн ялгаруулан хошногоны хуниас, эмэгтэй хүний бэлгийн сүв, үтрээнд ойролцоогоор 10.000 гаруй өндөг наан үлдээнэ.

Эмэгчин хорхой өндгөө шахаж гаргаад хорчийж үхдэг. Ийнхүү хялгасан хорхой эзний гэдсэнд нэг сараас хэтрэхгүй хугацаагаар амьдардаг. Эмэгчин хорхой өндөглөх үедээ өвөрмөц загатнуулах шинжтэй шингэнийг ялгаруулдаг тул хүмүүс, ялангуяа хүүхэд нойрондоо загатнасан газраа маажиж өндгийг хуруу гартаа нааж, хумсныхаа завсар чихэн, ор дэрний даавуун дээр унагаж, дотуур хувцсандаа тараадаг байна.

Өндөгний хөгжил 5-6 цагийн дараа гүйцэж, хүний биед халдварлах чадвартай болдог. Өндөг 4°С хэмийн дулаанд 2-2,5 хоног амьдрах чадвартай.

Эмгэгт нөлөө 
Энэ шимэгчийн хүний биед үзүүлэх эмгэгт нөлөө нь тухайн өвчтөний гэдэсний салст бүрхүүл гэмтэж, үрэвсэл үүснэ. Шулуун ба S хэлбэрийн гэдсэнд салст бүрхэвчийн улайлт, шархлаа үүсгэдэг. Гэдэсний салст бүрхэвчинд цус хурах, шархлаа үүсэх, судас өргөссөн байдал ажиглагдана.

Хошногоны амсрын хуниасны салст бүрхүүл хавагнан, хөндүүр болж гэмтсэнээр бактерийн хоёрдогч халдвар их тохиолддог. Их хэмжээгээр халдварласан үед нарийн, бүдүүн гэдэс, мухар олгойн үрэвсэл, арьсны гэмтэл үүсгэдэг.

Гэдэсний бичил орчныг өөрчилж, өвчин эсэргүүцэх чадварыг эрс бууруулах зэрэг эмгэг нөлөөтэй. Шимэгч хорхой амьдралын мөчлөгийнхөө турш хэрэглэх энергийн эх үүсвэрийг шимэгчлэгч эзний хоол хүнснээс авдаг учраас хүнийг хоол тэжээлийн дутагдалд оруулах хор уршигтай.

Эмнэл зүйн шинж тэмдэг
Энэ өвчин зарим үед тодорхой шинж тэмдэггүй явагдах боловч эрхтэн системд тодорхой өөрчлөлтүүд ажиглагдана. Өвчтөнд зэвхий цагаан царайлах, дотор муухайрах, бөөлжих, халуурах, толгой өвдөх, толгой эргэх, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Энтеробиозын үед илрэх хамгийн гол шинж тэмдэг нь хүүхдийн хошногоны амсар хүчтэй загатнах юм. Түүнчлэн мэдрэлийн системийг хүчтэй цочроож нойр хулжих, ажлын чадвар алдагдах, хүүхдүүд хичээл номондоо хайнга хандах, уурлаж уцаарлах байдал илэрдэг.

Хялгасан хорхойтох өвчнөөр өвчилсөн хүүхэд мартамхай болох, заримдаа татах, шөнө орондоо шээх нь тодорхой ажиглагдана. Энтеробиозын халдварын улмаас хүүхдийн өсөлт хөгжил удаашрах, оюуны хөгжил хоцрогдохоос гадна цус багадах, турах зэрэг шинж илэрдэг.

Хүүхдийн хялгасан хорхойноос урьдчилан сэргийлэх 

-Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь өвчин үүсгэгчийн халдварлах замуудыг хаана гэсэн үг юм. Иймээс:

– Өндгөөр бохирлогдсон байж болох (халдвартай хүүхдийн) орны цагаан хэрэглэл, дотуур өмд, мөн хүүхдийн өдөр дутмын хэрэглэдэг ахуйн ба сургалтын хэрэгсэл, тоглоом зэргийг ариутгах

– Хялгасан хорхойгоор халдварласан хүүхэд хуруугаа хөхөх, хумсаа мэрэх үед өндөг залгигдаж дахин халдварладаг тул хорхойтой хүүхдийг эрүүлжүүлэх нь юунаас чухал юм. Энэ нь хүүхдийг дахин өөртөө халдварлуулахаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг.

– Хүүхдийн гарыг тогтмол угааж сургах, хумсыг нь байнга авах.

Show More

Related Articles

Close